нийтлэл
1, Монгол хэлний үгүйсгэх харьцаа ил илрэх нь
Монгол хэлний үгүйсгэх утгатай нөхцөл, үг хэллэгийн хэлзүйн бүтэц, утга, хэрэглээний талаас Ж.Бат-Ирээдүй өмнөх сурах бичиг, гарын авлагуудад (2007:18-21), (2008:116-117) дэлгэрэнгүй дурдаж бичсэн билээ. Харин энэ удаа утга зохиолын хэлний төрөл бүрийн найруулга тэр дундаа уран зохиолын найруулгад өргөн хэрэглэгддэг үгүйсгэх утгатай үгүүлбэрээр жишээ баримтыг улам баяжуулан толилуулж байна. Доорх үгүйсгэх утга илэрхийлсэн нөхцөл болоод үгтэй жишээг монгол хэлний төрөл бүрийн ямар ч найруулгаас төвөггүй олж болно. Нөхцөл тус бүрийг жишээгээр авч үзье.
-гүй нөхцөл бол үгүй хэмээх үгүйсгэх утгатай үгийн товч хэлбэр бөгөөд нэр үг болон үйлт нэрийн дараа тохиолдож, үгүүлбэр төгсгөдөгөөрөө бусад нөхцлөөс онцлогтой. Жишээлбэл, “Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг.”, “Тооногүй гэрт толгойгүй чавганц, Хүн гэхэд хүзүүгүй, хөхүүр гэхэд ёроолгүй, Зүү байгаад утасгүй, утас байгаад зүүгүй, гал байгаад илчгүй, “Баян нь ядууг хайрлахгүй, ядуу нь баянг хайрлахгүй”, “Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзээгүй.” С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”, “Энэ ямар учиртай бөгж гэж чи бодож байна?” – Мэдэхгүй. Д.Батбаяр, “Амрагийн тэнгэр”, “Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй.”, “Ингэж уярах юм гэж ер санасангүй.” С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”, “Чи өтлөөгүй байна шүү дээ гээд инээхэд нь нүүрний нь хамаг арьс атиралдан таталдах аж.” Ц.Түмэнбаяр, “Ганц бие хөгжимчин”. Эндээс бид бүр нарийн задлавал нэр үг + –гүй, үйл үг + -хгүй, -аагүй4, -сангүй4 гэх мэт хэлзүйн олон бүтцийг гаргаж болох бөгөөд бүгд үгүйсгэх утга илэрхийлнэ.
Үл хэмээх үг нь үйлт нэр, үйл үгийн цаг заах хэлбэртэй үгийн өмнө голдуу тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй. Жишээлбэл, “Зуны цаг дор баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, шээс баасны үнэр ханхлахуй нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар аа.” Д.Нацагдорж, “Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно, мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиаж, ламын нойр үл хүрнэ.” Д.Нацагдорж, “Мань хоёр ч үнэхээр ангаж цангаж явснаа мэдэрснээр үл барам, унасан мориндоо ч халуунд ус эргүүлэлгүй өнжөөх гэж байгаагаа бас мэджээ.” С.Дашдооров, “Оосор бүсгүй орчлон”, “Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог.” Д.Намсрай, “Хөдөлмөр хийхгүйгээр хаана ч үл амьдарна.” С.Эрдэнэ, “Би чамд хайртай” гэж хэлүүлэх дуртай мөртлөө хэлэхээр үл итгэнэ. Би чамайг ирээсэй гэж хүлээдэг гэсэн атлаа очихоор үл оруулна.” Н.Өлзийбат, “Хаалга”, “Тахилт уулын тагтад Гурван цэнхэрийн агуй бий. Тааж чадахгүй оньсого шиг мухар нь үл мэдэгдэнэ.” Н.Өлзийбат, “Агуй”, “Хоёр гарт мэдээ байгаа эсэх нь үл мэдэгдэх.” Б.Бааст,“Нас барсан юм уу гэтэл гэрт нь зул, зураг хөрөг үзэгдэхгүй, өөрөө ч энэ тухай үл ярина.” Б.Шүүдэрцэцэг, “Муу охин”
Бус – энэ үг өмнөх нэр үгээ голдуу харьяалах тийн ялгалд, заримдаа үйлдэх, гарах, өгөх оршихын тийн ялгал, эсвэл үндэс хэлбэрээр захирч ордог үгүйсгэх харьцаа илэрхийлэх утгатай бие даасан үг юм. Үгүүлбэр төгсгөж чадна гэхдээ нийтлэг биш. Жишээлбэл, “Бүх юм мөнх бус. Гагцхүү урлаг л мөнх” гэсэн үг бүхнийг хүлцэн, тэр ч бүү хэл үе үе над руу бүр ойртон ирж нэвт шувт ширтэн сэтгэл санаагий минь уудалж аваад шавар болгочих гэж байгаа юм шиг харах түүний харцыг хэдэн цагаар тэсвэрлэн суухад хүргэсэн юм.” Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл”, “Харанхуй тэнгэрээс бус газраас огшин хөөрч байх шиг санагдав.” П.Сандуйжав, “Гүйгүүл”, “Нэг эрхэм хүн Занабазарын бүтээсэн Цагаан дарь эхийг олж өгвөл мөнгө хайрлахгүй, төгрөгөөр бус хатуу валютаар худалдаж авъя гэж түүнд хэлсэнд Яримпил түүнийг яаж ийгээд олохсон гэж өдрийн бодол, шөнийн зүүд болов.” Т.Баасансүрэн, “Тэрбумтан”, “Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.” Д.Нацагдорж, “Хуучин хүү”, “Нас ахиж, сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт хүн өөрийнхөө ганц хар толгойг бус ёс жудгийг эрхэмлэн хичээж, хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүшиглэн залбирч, бишрэх хоргодох юмтай болдог ажээ.” Б.Догмид, “Нутаг”. Энэ үгүүлбэрүүдийг ажиглавал дээр нийлмэл үгүүлбэрийн бүтэц дэх эхний үгүүлбэр нь үгүйсгэх харьцааг зааж байхад нөгөө үгүүлбэр нь эсрэгцсэн харьцаа зааж байна. Ийм үгүйсгэлийг профессор Б.Пүрэв-Очир “дунд байрлалын буюу интерпозиционный негатив үгүйсгэл” (1998:142) гэж нэрлэсэн байна.
Бүү – энэ үг үйл үгийн өмнө гэхдээ голдуу захирах хэлбэртэй үйл үгийн өмнө тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй. Жишээ нь: “Амсар муутай саванд юм бүү хий, айвал бүү хий, хийвэл бүү ай, бага гэж бүү бард, их гэж бүү сүрд”, “Гарах хүүгээр гал бүү түлүүл.”, ”Та сэтгэлээ бүү гэгэлзүүл, санаагаа бүү самууруул.”Б.Бааст,”Эргүү хөх будан”, “Найр наадамд зодог шуудаг өмсөнө гэж бүү горьд. Явцгаа. Адуун дээр гар’ гэжээ. Б.Бааст, “Эргүү хөх будан”, “Чухам хэн нь хаана явааг бүү мэд.” С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”, “Энэ зургийн учрыг ярих гэвэл барагдахгүй урт түүх болно гээд цааш нь надаас илүү дутуу юм бүү шалгаа гэх аятай.” Б.Бааст, “Үрлээ”, “Эргэж ирэх үгүйг бүү мэд. Дайны газар хүн алуулчихдаг гэнэ.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”
Эс - хэмээх үгүйсгэх утгат үг нь цаг заах үйл үг, үйлт нэрээр илэрсэн үгүүлэхүүн, зэрэгцсэн нийлмэл үгүүлбэрийн төгсгөлийн бус үгүүлэхүүний өмнө, тус тус тохиолдоно. Жишээлбэл, “Талын айлууд болохоор хэний хаяагаар хэн өнгөрч, намаржааны замаар хэн өөвөн сөөвөн гэж явааг юунаа эс андах вэ”С.Удвал, “Ховор хүн”, “Нэхэн санаваас би хүн чулууны тухай бодож буй эсвэл хүн чулуу миний тухай бодож буйн ялгааг эс ойлгов. О.Дашбалбар, “Аргаар аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амьтны амь тэвчиж буяны мөр дагахыг хичээн өөрийгөө номхотгон захиравч алдаа нүглийн аль алиныг тойрч эс чадав.” Б.Догмид, “Хөх тэнгэрийн зарлиг”, “Хурган дотортой хүрэн торгон дээл нь элбэгдэж, ханцуй нь уртадсаныг эс тооцвол онцгой юм олж харсангүй.”Ш.Гаадамба, “Үнээнүүдийн зөвхөн эвэр нь шоволзож хамар нь сарталзахаас өөр юу ч эс харагдана.” Б.Дариймаа, “Зандан ээжийг минь асуувал”, “Шингэн цэнхэр утаа суунаглан цогшин унтарч байгаа галын дэргэд очиж суух зуураа би тэр хавиар хэн нэгэн бүсгүй хүний мөр олж харахыг хичээсэн хэдий ч өвс ногооны дундаас юу ч эс олж үзэв.” Б.Догмид, “Нэхэл хатуу орчлон”гэх мэт.
Үгүй энэ үг голдуу дангаараа хэрэглэгддэг, дээр бичсэнээр нэг бүрэлдэхүүнт бүтэц бус үгүүлбэрт оролцож “үгүүлэмжийн бүхэл агуулгыг үгүйсгэсэн утгаар хэрэглэгдэх” (Б.Пүрэв-Очир 1998:208) нь элбэг. Үгүүлбэр төгсгөж чадна. Жишээлбэл, “Танайх нэгдэлд ороогүй юм гэж үү? Үгүй.” С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”, “Өвлийн өвгөн аав танд алим, чихэр өгсөн үү? – Үгүй ээ.”Н.Өлзийбат, “Цас”, “Та кофе уух уу? – За үгүй дээ. Г.Аюурзана, “Шүтэн бишрэгч”, “Чи дахиад л унтлагын өрөөг минь хүсээд эхлэвээ дээ? – Үгүй ээ, үгүй.” Г.Бадамсамбуу, “Явна”, “Одоо харагдаж байна уу? Үгүй.” Д.Батбаяр, “Амрагийн тэнгэр”, “Алив найзаа, чи надад үзүүлээч, – Үгүй, -Наадах чинь жинхэнэ буу юм уу? Тийм, Хоёулаа хамт тоглох уу? – Үгүй.” Н.Сүхбат, “Буу”, “Уранаа, хаалгаа тайл л даа. – Үгүй шүү.” Н.Өлзийбат, “Хаалга”. Үгүй-гийн араас ээ, шүү, дээ, дэг, гэх мэт янз бүрийн нэмэлт хэлбэр цувран орж төрөл бүрийн баймж утга илэрхийлдэг. Зарим тохиолдолд үгүүлбэрийн цагаар төгссөн үгүүлэхүүний дараа бичигдэж үгүйсгэх утга заах тохиолдол бий. Жишээлбэл, “Би энэ мэтийн юм бодож явахдаа мөн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч үгүй.” С.Эрдэнэ, “Хулан, Цамба хоёр”.Зарим тохиолдолд нэр үгийг үгүйсгэх утга илтгэнэ. Жишээ нь: Салхи ч үгүй, чийг ч үгүй эл шөнийн нам гүмд Робинсон, Батлер хоёр задгай галын дэргэд сууж утаагүй улалзах дөл ширтэн байв.” С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”
Биш - энэхүү үгүйсгэх үг нь нэр үг, төлөөний үг, тэмдэг үг, тооны үг, үйлт нэрийн хойно тохиолдож үгүйсгэх утга заана. Үгүүлбэрийн төгсгөлд тохиолдоно. Мөн асуух үгүүлбэрт тохиолдож болно. Жишээлбэл, “Баян гэгч мөнх биш, баатар гэгч үргэлж биш”, “Ам хэлэндээ аав хөвүүн гэдэг боловч авир санаа нь адбиш өөр биш үү” (Монголын Нууц Товчоо, 166-р зүйл), “Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа.” Ж. Дашзэгвэ, “Миний хань нар, сар биш, мэдээж цэцэг навч ч биш” Н.Нямдорж, “Та ямар үндэстэн бэ? Таа л даа. Араб гэж тэр хүүхний хэлэхэд Дармаев толгой сэгсрэв. Тэгвэл турк. -Биш. Казак. -Биш. Энэтхэг. –Биш гэж хэлэв. Н.Надмид, “Энд тэнд өвдлөө гэж дандаа яншдаг юм. Авгай нарын ааш бааш барагдах биш.” (С.Эрдэнэ,”Атаархал”), “Хүний үзэх юм дуусах биш. (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”), “Нүд нь нэг айхавтар гялалзаад байхаас биш сайн муу олон юм ярьж адарлаж хэдэрлэсэнгүй.” (Д.Маам,”Газар шороо”) “Айл малын анир бараагүй энэ эзэнгүй талд юу харахлаараа морь ийнхүү үүрсдэг билээ гэж бодох зуур өвгөн анилдах шахам явсан зовхи сормуусаа өргөн алсыг харвал ойрхон саахалтын зайтай газар адуу гэхэд адуу биш, чоно гэхэд чоно биш нэгэн зэгэл саарал амьтан огтхон ч хөдөлгөөнгүй хөндөлдөн зогсч байх нь тэр.” (Б.Догмид, “Нутаг”), “Аянга үл хөдлөнө. Хүмүүс дахиад гайхаш болов. Аянга биш мал хулгайлдаг албин чөтгөр буй болсон юм биш биз ээ? гэж тэд хэлэлцэв.” (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”), “Намайг таних ч биш, үгүй ч биш байгаа бололтой.” С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”, Энэ нөхцөл нь ардаа баймж утгатай нөхцлүүдийг авч хүний сэтгэлгээний нарийн өнгө аяс илэрхийлнэ.
Битгий энэ нөхцөл бол голдуу үйл үгийн захирах хэлбэрийн өмнө тохиолдоно. Асуух үгүүлбэр болон үгүүлбэрийн бүрэн үгүйсгэл хэлбэрээр тохиолдоно. Жишээлбэл, “Гарах хүүгээр гал битгий түлүүл.”, “Зунд битгий суу, зуданд битгий сандар.”, “Олмыг нь асуулгүй ус битгий гатал, ончий нь ололгүй хэрэг битгий шүү.”, “Дүү минь, битгий ай, ах нь нэг ядарсан хүн байна гэж паргисан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив.” Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”, “Нэг мэдэхнээ түүнд, битгий хуц гээд хэлчихжээ.” Ц.Доржготов, “Шинэ кино” , “Та битгий биеэ барь, чөлөөтэй хөдөлж, ярьж хөөрч болно шүү дээ.” Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл” гэх мэт уран зохиолын төрөл бүрийн найруулгад элбэг тохиолдоно. Мөн элдэв төрлийн нэмэлт үг авч баймж утга илэрхийлэх боломжтой.
Байх хэмээх үгүйсгэх утгатай үг бол болих гэсэн үгтэй ойролцоо утгатай. Энэ үйл үг нь үгүйсгэх утга илтгэхдээ үгүүлбэрт бие даасан байдалтай хэрэглэгддэг юм. Жишээлбэл, “Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил, ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил”, зүйр. “Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу гэхэд, бүр байсан гэж Хулан хэлэв.” С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”, “Сүрэн эмгэн түүнээс хойш Жамбын босго алхахаа байж, Жамба ч өргөмөл хөвүүнээ үзэхээ байж, аягүйдвэл гар хүрдэг болжээ.” Б.Ринчен
Алга энэхүү үгүйсгэх утгат үг нь үгүй буюу –гүй-тэй ижил үүрэг гүйцэтгэх боловч хэлний зүйн хувьд хувирч харьцаанд ордоггүй учраас дан энэхүү байдлаараа хэрэглэгддэг билээ. Мөн голдуу байхгүй буюу байхгүй байна гэсэн үгтэй дүйх үгүйсгэсэн утга илэрхийлдэг. Жишээлбэл, “Ах дүүгээс асуувал алга болсон гэнэ шүү, үхэж үрэгдсэн бол өөрийн нь хүүрийг үзэх юм сан.” Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”, “Энэ лав хаямал гээгдмэл эд байх сүрлэн дээвэр нь доошоо цөмрөн юунд ч юм овоо торгоогдож байгааг хараад ийм юманд амьтай юм орогнох янз алга гэж дотроо гутрав.” До.Цэнджав, “Шэнь Жэнь орох замд”, “Дорги байсхийгээд хөтөлгөө морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хөтөл хөсөгтэй хүрч ирдэг байна.” П.Пүрэвсүрэн, “Өшөө”
2 . Монгол хэлний үгүйсгэх харьцаа далд илрэх нь
Дээрх үгүйсгэх утгатай үг, нөхцөлүүд утгын талаас, баймжийн талаас, үгүүлбэрийн найруулгын талаас тодорхой хэмжээгээр судлагдсан байдаг. Бидний энэ үгүүллийн бас нэг гол зорилго бол үгүйсгэлийн өөр нэгэн хэлбэр болох үгүүлбэрийн далд үгүйсгэлийн харьцааг хэрхэн ойлгох талаар энд санaлаа бичихийг зорисон явдал юм. Ийм үгүйсгэлтэй үгүүлбэр утга зохиолын жишээнд элбэг тааралдана. Үүнийг бид үгүүлбэр дэх далд үгүйсгэх харьцаа гэж нэрлэж байгаа бөгөөд хэн, яах, хэрхэн, юу, хаа(на), гэх мэт асуух үгтэй үйл үгийн задлаг хам бүтэцтэй үгүйсгэл уран зохиолын жишээгээр батлагдаж байна. Жишээлбэл, “Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хүүчин хүү өөрөө бас яахин мэднэ. Д.Нацагдорж, Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина.” Д.Нацагдорж, “Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана.” Д.Нацагдорж, “Хэдийгээр ухаан сэргэлэн боловч зүүн хошууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.” Д.Нацагдорж, “Энэ хэлгүй удгуус алихан нутгийн газар шороог ертөнцөөс нэхэн нэхэн ийнхүү өдөр шөнийг эс ялган өртөөлөн гүйж явааг явуулын хүмүүс миний бие яахин мэднэм билээ.” Б.Догмид, “Ус уух заяа”, ”Сумандаа хэд түрүүлсэн л юм байгаа биз, түүний бөх гэж юу байсан юм.” Б.Догмид, “Сарны сонат”, “Сайн сайхан юманд гар хүрэхгүй ч гэсэн нүд хужирлая гэх бодол өөрийн эрхгүй ирдэг болохоор нутгийн харчуул Цогт гуайнхаар аандаа нэг буугаад мордоход Ундрамд буруу өгөөд яахав.” С.Удвал, “Ховор хүн”, “Аймгийн сургуульд явж буй намайг ямар сайхан хувь заяа угтаж буйг хэн мэднэ.” С.Эрдэнэ, “… өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.” С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”, “Гэвч яг энэ үед хуучин Толь гүний хүрээн дээрээс буу үүрсэн хоёр, ташаандаа буу зүүсэн бас нэг, ийм гурван хүн шөнө гарч Ээж хайрханы зүг явж байсныг тэр хоёр яахин мэдэх билээ.” Т.Юмсүрэн, “Ээж хайрханы дууль”, “Би та нар шиг нэг гүвээ даваад л амьсгаагий нь дардаг ганц хоёр хоногийн өл даахгүй морь яалаа гэж унаж явахав дээ. Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”, “Даан ч тэр талаар махан бие, цусан заяанд төрсөн хүний үрс яахин тааж мэдэх билээ.” Ц.Буянзаяа, “Тэр дотроо миний тухай юу гэж бодож байсныг хэн мэдлээ.” Ж.Лхагва, “Надад гомдоогүй биз… гэж хойноос нь хашгирвал өвгөн эргэн зогсож хаанаас даа гэх мэт мөрөө хавчжээ.” С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”, “Фон Бургэн хувхай гарыг нь үнсэхчээ болоод, – Оготно минь, эрхэмсэг Марлен чамд дээдсийн ёсыг таниулж өгнө. Илүү хувцас эмэгтэй хүний үзэсгэлэнг нуудгийг юу андах аж гэж хавчгар цээжээ түрэн чангаар инээгээд … гарч одов.” С.Эрдэнэ, “Оготны нүхэн дэх сувд”, “Хн тэдний дүлий плитка харж тэнэг юм шиг гөлийж сууснаас багзаалын эрэстраанд ороод ногоотой шөл иднээ. За өлсөж үхэв л гэж.” Р.Ганбат, “Хадлангийн оросууд”, “Тэгвэл хэдэн жил ч эрүүл энх явахыг хэн байг гэхэв.” С.Эрдэнэ, “Баруун сарьдагийн Вансэмбэрүү”, “Нутаг усандаа зартай хурдан морь болохыг хэн байг гэх юм.” Д.Батбаяр, “Айсуй баярын зөн”, “Товуу “Цахиурт чинь өртөө гаруй газар. Энэ хүртэл тэмээ тогтвол тогтчихоор хэдэн бага говь бий. Тэнд байхгүйг бодоход эндээс хаа холдоо аж.. “ С.Дашдооров, “Оосор бүчгүй орчлон”, “-Чи надад уурлаагүй биз? гэж лавлан асуувал Батлер хамар дороо инээд алдаж хоёр гараа зөрүүлэн цээжээ тэврэн толгой сэгсэрч, – хаанаас даа, найз минь гэж өчив.” С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”, “Би үнэнийг нь хэлээ биз дээ? –За хэн мэдэхэв.” Д.Намсрай, “Шар усны үер”, “Арван долоохон нас юу байхав дээ.” С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”, “Миний дүү битгий уйл, гуравхан жил юухан байхав?” Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”, “Би яаж мэдэхэв дээ, аав минь” Т.Юмсүрэн, “Ээж хайрханы дууль”, “Би ямар нүүрээрээ чамд захиа бичих вэ дээ.” Д.Батбаяр, “Дундуур дүүрэн”, “Ийм арзайсан муухай хар юмыг хэн ч тоогоо аж.” С.Эрдэнэ, “Гарам дээр”, “Ийм юм болно гэж хэн мэдэх билээ.” С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”, “Зөвлөдөг ч гэж дээ, би юугаа зөвлөхөв”, “Хар багаасаа үйлдвэрт орж, сайдаж муудаж дассан хамт олноосоо холдоод би хаа очихов.” , “… амттай яриа ярьсаар үргэлж ойр явахын чинээ санасан намайг хормын төдий хуурсан үлгэр шиг явдал гэж яаж би санахав.” С.Хишигсүрэн, “Шөнө шиг өдөр”, “Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг хэн мэдэх билээ.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”, “Өөр хэрэгтэй юм байвал өргөдөл мөргөдөл гээд яахав, шууд хэлж байгаарай.” Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх”, “Адуунд явах санаатай, тэр нь надад юу гэж олдох вэ дээ.”Д.Батбаяр, “Аав эзгүй шөнө”, “Тасын дэгдээхэй хүнд тийм амархан дасдагыг хэн ч мэдлээ.” С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”, “Тэнд би гурван жил болж гарсан даа, ямар сайн юм сурч гарав гэж.” Ж.Дашзэгвэ, “Жаргаагүй үлгэр”, “Энэ архи уу, тэр өдөр тэгэж зоригоо чангалаагүй бол хаанаас…” Ж.Отгонцагаан, “Нагац ах”, “Зүгээрээ , миний дүү, чам шиг боловсролтой хүн юу алзахав.”Б.Шүүдэрцэцэг, “Муу охин” зэрэг үгүүлбэрт байгаа хэн мэдэх, яахин мэдэх, хэрхэн таних, яахин даруй танигдах, хаа холдоо аж, хаанаас даа гэх мэт бүтцийг бид утгаараа үгүүлбэрийн далд үгүйсгэлийг илэрхийлж байна гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл хэн мэдлээ гэдэг нь хэн ч мэдэхгүй, яахин мэднэ гэдэг нь яаж ч мэдэхгүй, мэдэх аргагүй, хэрхэн танина гэдэг нь танигдахгүй, өлсөж үхэв л гэж гэдэг нь өлсөж үхэхгүй, хаа холдоо аж гэдэг нь холдоогүй, хэн мэдэхэв гэдэг нь хэн ч мэдэхгүй, юу байхав дээ гэдэг нь юу ч биш, хэн ч тоогоо аж гэдэг нь хэн ч тоохгүй, юу алзахав гэдэг нь алзахгүй гэх мэт үгүйсгэх утгатай дүйнэ гэж үзэж байгаа юм. Энэхүү үгүйсгэх хэлбэр нь асуух төлөөний үг + үйл үг + -х вэ, -х вэ дээ, -аа аж, -в л гэж, -г гэхэв гэсэн задлаг хам бүтэцтэй гэж үзэж болох бөгөөд ярианы хэлэнд хураагдаж хэлэх, бичигдэх нь бий.
Монгол хэлний өөр нэг үгүүлбэр зүйн аргаар үгүйсгэх утга илэрхийлэх хэлбэр нь үйлдэх тийн ялгалын нөхцлөөр илэрхийлэх боломж байна. Энэхүү бүтцийг –аар4 … үйл үг гэсэн задлаг хам бүтэцээр авч үзэж болох бөгөөд монгол хэлний өнөөгийн хэрэглээнд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа бүтэц билээ. Үүнийг судлаач Д.Бадамдорж “…монгол хэлний нэр үгийн үйлдэхийн тийн ялгалын нөхцөл бол өгүүлбэрийг бусад үг, өгүүлбэртэй холбож, саарыг хориглох, сайныг номлох утгатай хэвшмэл хэлц бүтээх онцлогтой байна.” (2007:199-202) гэж тайлбарласан юм. Ингээд монгол хэлний “Аягаа голохоор, аашаа гол”, “Арван дугана барихаар арван үнээ тэжээ.”, “Биеэ засахаар билэгээ зас.”, “Бурмаар тэжээхээр урмаа тэжээ.” “Нойрмоглож суухаар ном уншиж суу.”, “Нулимс унагахаар нударга зангид”, “Нэр хугарахаар яс хугар”, “Сууж амрахаар явж амар”, “Чамлахаар чанга атга”, “Барж идэхээр мэрж ид”, “Дэрээ элээхээр дэвсээ элээ” , “Ярихаар яв, хэлэхээр хий.” зэрэг хэвшмэл хэллэгүүдийг жишээ татсан байгаа. Бидний бодоход энэ бол гагц хэвшмэл хэлц бүтээх бус ерөөсөө ийм задлаг хам бүтэц буюу загвараар монгол хэлэнд үгүйсгэх утга далд илэрч болох юм. Тухайлбал, Та үүнийг авахаар түүнийг ав гэснийг Та үүнийг авч/авах хэрэггүй, харин түүнийг ав гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл –х хэрэггүй гэсэн хэлзүйн задлаг бүтцийг бүрэн орлож чадах ойролцоо утгатай нөхцөлт бүтэц үүсэж байгаа юм. Тийм учраас дээрх хэвшмэл хэллэгүүдийг ч мөн ийм байдлаар задлан тайлбарлаж болох учраас бид үгүйсгэх утгыг хэл зүйн аргаар илэрхийлэх бас нэг боломж буюу хэлбэр гэж үзэж байгаа юм. Харин энэ нь монгол хэлний бичил эх болсон зүйр цэцэн үгийн бүтцэд их тохиолддог болох нь жишээнээс ил байна.
3. Монгол хэлний үгүйсгэх харьцаа хэлц үгээр илрэх нь
Өөр нэг үгүйсгэх утга илэрхийлдэг зүйл бол монгол хэлний тодорхой нэг хэлц үгс шууд үгүйсгэх харьцаа илэрхийлэх боломжтой гэж үзэж болно. Тухайлбал, буруу хойшоо, гонж, гонжийн жоо, өнгөрсөн хорвоо , үхсэн хойноо, хаанаас даа, юу гэж, яалаа гэж, яршиг, яахын гэх мэт хэлц үгс байна. Жишээлбэл, “Үхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар адаглаад эхнэрээ зодохгүй байхсан.” С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”, “Өвгөөн хоюулаа явах уу, ханиндаа гангар гунгар гэж явах нь зүгээр биш үү, тэгээд ч сайн эрсүүд уруу татахгүй. Намайг явахад ч харин гонжийнжоо шүү дээ гэж Яринпил хэлэв.” Р.Ганбат, “Хадлангийн Оросууд”, “Буруу хойшоо гэж, Банзарын хэл сураг авчирах ч өнгөрсөн хорвоо.” Б.Дариймаа, “Зандан ээжийг минь асуувал…”, “За за яршиг, ийм амьтантай толихолцож яахийн?” Д.Намсрай, “Шар усны үер”, “Хаанаас даа, энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна.” С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”, гэсэн үгүүлбэрт байгаа үхсэн хойноо, гонжийнжоо, буруу хойшоо, өнгөрсөн хорвоо, яахийн, хаанаас даа , хэмээх үгс нь биш, үгүй шүү дээ, хэрэггүй, чадахгүй дээ, -хгүй гэсэн үгүйсгэх утга илэрхийлэх тул монгол хэлэнд иймэрхүү үгүйсгэсэн утгатай тусгай үг байж болохыг харуулах бодит жишээ юм. Эдгээр үгнүүд зөвхөн үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтаж, эхийн төвшинд эсвэл ярианд хэрэглэгдэж байж үгүйсгэх харьцаа заах учраас үгүүлбэрийн үгүйсгэх харьцаа илтгэх утгат хэлц үг гэж тодорхойлж болох юм. Мөн эдгээр үгүйсгэх утгат хэлц үгс нь ардаа даа2, шүү, бэ, хөөрхий, зэрэг төрөл бүрийн үг авч баймж утга илтгэж чадна. Хамгийн гол нь эдгээр үгийн нь цөм бүтцэд нь үгүйсгэх утга хадгалагдан байгаа учраас хэлний хэрэглээнд зөвхөн үгүйсгэх утгаараа л хэрэглэгддэг, өөрөөр хэлбэл батлах, эсвэл асуух зэрэг утга руу хэзээ хувирч өөрчлөгддөггүй онцлогтой юм.
Дүгнэлт:
Монгол хэлний үгүйсгэх харьцааг гадаад, дотоодын эрдэмтэд нэлээд судласан боловч бүрэн цогц боловсорсон судалгаа хараахан гараагүй байна. Бид энэ үгүүлэлд монгол хэлний үгүйсгэх харьцаа нэг талаас тусгай нөхцөл болон үгийн тусламжтайгаар ил илэрч болно. Харин нөгөө талаас эхийн төвшинд далд илрэх бололцоо нь хэлзүйн тодорхой бүтцээр хэлбэржиж болохыг утга зохиолын хэлний баримтаар батлахыг оролдлоо. Тухайлбал, Нэгдүгээрт, монгол хэлний үгүйсгэх харьцааг ил илэрхийлэх – гүй, -лгүй, -шгүй, -аагүй4, -уузай2, -мааргүй4, гэх мэт нөхцөл, байх, болих, битгий, биш, бус, бүү, үгүй, үл, эс, алга гэх мэт үг өргөн хэрэглээтэй байгааг утга зохиолын хэлний баримтаар батлахыг зорилоо. Монгол хэлний үгүйсгэх харьцаа нөхцөл болон үгээр илрэх бололцоог эрдэмтэд тусгайлан сайн судласан билээ. Хоёрдугаарт монгол хэлний үгүйсгэх харьцааг далд илрэх боломж байгаа эсэхийг анзаарч юуны өмнө гурван зүйлээр нотлохыг хичээлээ. Үүнд нэгдүгээрт нь асуух үг + үйл үг гэсэн бүтэцтэй яахин мэдэх, хэрхэн таних, юуг мэдэх, хаанаас ойлгох, хэзээ яах, юу андах, хэн байг гэх, хаа холдох, юугаа хийх, гэх мэт үгс үгүйсгэх харьцаа далд илэрхийлнэ. Удаахад нь үйл үг + –аар4 үйл үг гэсэн хэлзүйн бүтцээр илрэх хэлэхээр хий, суухаар яв, бацлахаар мэр гэх мэт загварыг үгүйсгэх утга далд илэрхийлнэ гэж үзэж байна. Өөрөөр энэ бүтэц нь хэлэх хэрэггүй хий, бацлах хэрэггүй мэр гэсэн утга илэрхийлж байгаа гэж үзэж байна. Мөн үгийнхээ цөм буюу гүн бүтцэндээ үгүйсгэх утга хадгалж байдаг зарим хэлц үг нь үгүүлбэрийн үгүйсгэх харьцаа илэрхийлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд гонжийн жоо, хаанаас даа, буруу хойшоо, яалаа гэж гэх мэт олон үгс бий. Ийнхүү монгол хэлний үгүйсгэх харьцааг ил болоод далд илэрхийлэх боломжийг зарим талаар нягтлан үзэж утга зохиолын хэлний жишээ баримтаар баяжуулан судлаачдын анхааралд танилцуулж байна.
|