mongol hel

2012-03-26

Нийтлэл2

Ангилал: шинэ мэдээ
Нийтлэл -2 Монгол хэлний дархлаа хийгээд бидний ёс суртахуун Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг эх, ах дүү, эхнэр нөхөр, тэр бүү хэл цэцэг цэврүү шиг хонгор үрсээ хүртэл зэрлэгээр амийг нь хөнөөх, хүчирхийлэх тохиолдол бараг өдөр бүр гарч, шар хэвлэлүүдийн хуудасыг “чимэх” боллоо. Өдөр тутмын хэвлэл, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслээр ч тийм мэдээ цаг, хором бүхэнд цацагдаж байна. Энэ бүхнийг уншиж, сонсох гэдэг зүрх муутай, даралт ихтэй хүмүүсийг давхар цочролд оруулж, эрүүл мэндэд нь илт муугаар нөлөөлж, амь насанд нь ч цөвтэй болж буй талаар нийгэм судлаачид анхааруулсаар авай. Энэ бүхэн юунаас үүднэ вэ? Хариулт тодорхой. Өнөө цаг үед хүний ёс суртахуун хэтэрхий дордсоных. Энэ удаад би манай эрчүүдийн, нэн ялангуяа өнөөгийн залуусын амны уялга болсон хараалын үгс ажил албаны байранд ч, олон нийтийн газар ч, гэрт гадаа  хаана ч сонсогдож, нийгэмд эвгүй уур амьсгал буй болгож, газар авч байгаа  талаар өгүүлэх гэсэн юм. Энэ нь удтал уулзаагүй миний танил нэг залуу “Өчигдөр п…, нэг хулхи гартай п…, энэ талаар ярьсан чинь п…, худлаа шаагаад, п…” гэж ярьснаас үүдэлтэй юм. Ийм яриаг зөвхөн энэ залуу ч бус түүний үеийнхэний амнаас  нэгэн адил сонсож болно. Ингэж ярьж буй залуусын ёс суртахуун хаана явна вэ?  Ер нь ёс суртахуунгүй явдал хувь хүн, байгууллага хамт олны үйл ажиллагаа, сонирхол, итгэл үнэмшилд, эцсийн дүнд нийгэмд бүхэлд нь бодитойгоор нөлөөлдгийг ярихгүй нүдэн балай, чихэн дүлүү явж өнгөрч боломгүй байна. Дээрх хараалын  үгс манай эрсийн, түүний дотор төрийн хариуцлагатай алба хашдаг, боловсролтой гэж үзэж болох эрчүүдийн ярианы 3-5 үгийн нэгэнд заавал орж буй нь сонсоход эвгүй, хамт байхад сэтгэлд түгшүүртэй гэж яригдах болсон нь талаар бус. Ингэж хараалын үгс олонтаа хэрэглэх болсон нь манай монгол зан уламжлалаар бол “Арван хар нүгэл”-д, өнөө цагийн хуулиар бол “Ажлын байрны хүчирхийлэл”-д тооцогдож, хүлээх зэм шийтгэлтэй юм билээ. Тэгтэл монгол хүний ёс жудаг алдагдсан, хараалын үг хэлсний төлөө хариуцлага хүлээлгэх тухай хууль яривал “Эвэртэй туулай” үзсэнтэй адил болох буй заа. Хамт ажилладаг зарим залуус нь “Пизда, шаах” гэж үгийн үзүүрт л хараадгаас болоод зарим үед зүрх дэлсэж, сэтгэл хямраад ажиллахад хэцүү болох юм гэж сайн нөхөр маань хэлсэн нь нэгийг бодогдуулна бус уу? Нэгэнтээ манай нэг эрдэмтэн телевизэд ярилцлага өгөхдөө “Сарын бөгсөөр” гэж ярихад ажлынхан маань “Хэн гуай ч бас задгай яриатай нь үнэн шүү. Нас намбатай, эрдэмтэн хүн байж хэг ёг, тэгэхдээ бөгс, мөгсөөр…” гэж ярих нь эвгүй сонсогдож байна лаа хэмээн бүр шүүмжлэн ярьцгааж байж билээ. Монгол хэлэнд “Сарын сүүлчээр, хуучдаар” гэж ярих ёстой өөр сайхан үгс байхад огт хэрэггүй газар заавал “Бөгс, бөөр”-өөр ярьж байх нь зохимжгүй юм. Энэ нь аанай л нөгөө задгай яриатай, өөртөө хяналтгүй хүний зан авир шүү дээ. Хэл сэтгэхүй хоёр салшгүй нарийн шижмийн холбоотой гэдэг нь өнөө уншиж, бичих болсон зургаан настай балчраас наян настай буурай хүртэл мэдээжийн болсон асуудал юм. Тэгэхлээр хэн ямар үгээр, юу гэж ярьж байна, мань хүн тэгж л сэтгэж, тийм л үйл сэдэж хийж байна гэсэн үг юм. Амны бэлгээс ашдын бэлгэ ч гэдэг дээ. Энэ ёсоор л болж буй хэрэг. Монгол хэлэнд хүндэтгэлийн “Ноён, хатагтай”, хамгийн энгийн “Гуай” зэрэг үгс бэлээхэн байхад гадны “Сан, мистер” гэх үгс хэрэглэх нь манай монголчуудын нэг ёсны “Чамирхал” болсон гэлтэй. Миний бас нэг танил маань хүн болгоныг Японы “Сан” гэдэг үгээр дуудаж бүр хэвшил болжээ. Танил маань Японд сургууль соёлд яваагүй, япончуудтай ч удаан хугацаагаар тийм ойр ажиллаж байгаагүйг би мэдэх юм. Тэгэхлээр зүгээр л чамирхаж, нэг ёсондоо соёлтой хүн болж харагдах гэсэн санаа нь юмуу даа. За яахав, энэ нь өнөө үед Япон Монголын найрсаг харилцаа өндөр түвшинд гарч буйтай холбоотой ч хэн нэгнээ “Гуайлах” эсвэл “Ноён, хатагтай” гэж дуудах, авгайлахын оронд харийн “Сан” зэрэг үг хэрэглээд байх нь тийм ч зохимжтой биш сонсогддог. “Манай хүндэтгэлийн “Сан” гэдэг үгийг монголчууд өргөн хэрэглэх боллоо. Энэ чинь манай үгсийн санд байдаг, хүндэтгэлийн үг шүү дээ…”  гэж арлын нөхөд маань гэнэт ЮНЕСКО-д заргалдвал яана. Үгүй гэх газаргүй. Манай охид хүүхнүүд “Надын, чадын…” гэж хэлээ зажилан ярих нь бас ердийн үзэгдэл болж ээ. “Миний, чиний…” гэж ярьж байгаа царай нь энэ аж. Эх хүн ингэж ярьж байхад бяцхан үрс нь юу гэж хэлд орохыг хэлэхэд бэрх. “Өвөө, эмээ гэхээсээ өмнө “Ална шүү…” гэж хэлд орсон хүүхдийн талаархи үг чих дэлсэж л байсан санагдана. “Надын…” гэж ярих нь  Монгол хэлний үгзүйн дүрмийг илт гаждуулж, эх хэлний маань дархлааг алдагдуулж буй, нэг ёсондоо гэмт хэрэг юм. Гадаадын зарим оронд “Төрийн байгууллагын ажилтан буруу зөрүү ярьсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай” хууль байдаг, бас шинээр хууль баталж буй талаар бид бишгүйдээ сонсож мэдсээр л байна. Гэтэл манайд хүүхдийн эх “Надын хүүхэд нэг юм арай гэж цэцэрлэгт салгалдаг болоод…” гэж  ярихад хэн ч гайхахгүй, тэр бүү хэл УИХ-ын танхимд манай эрхэм гишүүд “Нохой, гахай”-гаараа дуудалцаж бие биенээ “Халз буудалцаанд” (Гараад үзчихье гэж нэг бус гишүүн хэлсэн тухай хэвлэлээр цацагдаж байсан) дуудаж байх нь жирийн явдал болжээ. “Надын хүүхэд нэг юм арай гэж цэцэрлэгт салгалдаг болоод…” гэдэг өгүүлбэрийг юу гэж ойлгох вэ? Мань эхийн хүүхэд нь төрөлхийн бие хаа муутай байгаад арай гэж цэцэрлэгт явах төдий болсон уу, эсвэл  цэцэрлэгт хүүхдийн орон тоо гүйцээд ар өврийн хаалга хэрэглэж, багш эрхлэгч нарт нь гар цайлгаж, нэг ёсондоо хээл хахууль өгч байж муу хүүхдээ оруулсан уу гэдэг нь ойлгомжгүй, хоёрдмол санаатай өгүүлбэр болж байна. “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог” гэсэн нэг үг бий. Энэ үг хүн төрөлхтний соёл иргэншлийн өндөр хөгжлийн өнөө цаг үед таарахгүй нь болотой. Бид алийн болгон буруу ярьж, зөв ойлголцож амьдрах билээ. Өөр хоорондоо буруу ярьдаг хүмүүс чинь харийнхантай зөв ярьж, зөв ойлголцож байна гэж итгэхэд бас хэцүү. Одоо бид байнга зөв ярьж, зөв ойлголцож, зөв үйл улам ихийг хийж хэвших ёстой, бас “манжлах”, мэдэн будилахын донгоос ангижирах цаг эрхбиш болсон гэж бодогдоно. Дээр өгүүлсэн бүхнийг дүгнэхэд орчин үеийн монгол хүний хэл яриа задгайрч, буруу зөрүү ярьж байгаа нь эх хэлний маань дархлаа алдагдахад хүргэж, хараалын үг байнга хэрэглэдэг нь монгол хүмүүний хийх үйлийн үрийг харлуулж, тэр хэрээр нийгэмд гэмт хэрэг гарахад нөлөөлж  байна гэдгийг хатуухан хэлэх гэсэн юм. Учир нь “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш” гэж  өндөр дээдэс маань бидэндээ захиж үлдээжээ. Бидний монголчууд үеийн үед өргөн дэлгэр нутагтаа ай түмэн мал сүргээ өсгөж, цагаан сүүгээр нь мөнх хөх тэнгэртээ цацал өргөн, эх сайхан хэлээрээ ярьж, жаргалтай аж төрж буй туурга тусгаар түүхэн үндэстэн гэдгээрээ ямагт бахархах ёстой билээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 343 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

surgaltiih

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. baigaliinuhaan.blogmn.net
. odcomplex.blogmn.net
. niigmiinuhaan.blogmn.net
. 1surguuli

Найзууд

align="center">
flat fee listing gas coupons

Тоолуур

Миний блогийн 31816 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн